Сангийн тэтгэлэгт болон ивээн тэтгэх хөтөлбөрүүдийн шалгалт амжилттай болж өндөрлөлөө

2018-09-24

       9 сарын 23-ны өдөр Монгол Улсын 2018 оны хичээлийн жилийн намрын улирлын их дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр, ЕБС-ийн сурагчдад зориулсан“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрийн шалгалт МУИС-ийн Күнзийн институт болон Дархан хотын Цайхун дунд сургууль дээр зэрэг болж өндөрлөлөө. Сангийн байнгын хорооны дарга Ян Жи Юун, гүйцэтгэх удирдлагын дарга Жин Жин Мин, гүйцэтгэх удирдлагын дарга Луо Зэн Лун, дэд гүйцэтгэх удирдлагын дарга Ван Шю Жи, сангийн нарийн бичгийн дарга Жу Жүн Ли зэрэг хүмүүс шалгалтын байранд хяналт тавин ажиллаа.

       Энэ удаагийн их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдсон шалгалтын зарыг 9 сарын эхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан цацсан бөгөөд нийт 387 их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан сурагчид шалгалтад хамрагдсан байна. Энэ удаагийн шалгалтыг тооцвол сангаас “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийг 9 удаа, нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрийг 1 удаа, оюутнуудын “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийг 5 удаа амжилттай зохион байгуулаад байгаа юм. Улаанбаатар хотын бүх дүүрэг, Дархан, Эрдэнэт, Ховд аймаг зэргээс давхардсан тоогоор нийт 2734 хүн шалгалтад оролцож байсан байна. Сургуулиуд болон эцэг эхийн дэмжлэг туслалцаатайгаар монголын улам их оюутан сурагчид хятадын хэл, соёлыг сонирхон суралцаж байна.

МУИС-ийн Күнзийн институтын шалгалтын байр

Дархан хотын Цайхун дунд сургуулийн шалгалтын байр

Шалгалтын байранд хяналт тавьж буй байдал

Шалгалтын байранд хяналт тавьж буй байдал


       Энэ удаагийн шалгалтад өнгөрсөн шалгалтуудаас ялгаатай 5 зүйл бий. Нэгт, шалгалт авах газар нэмэгдсэн, Күнзийн институт дээр шалгалт авахаас гадна Дархан-Уул аймаг болон түүний ойр орчмын сурагчдад дөхөм байх зорилгоор Дарханы Цайхун дунд сургууль дээр шалгалт авсан. Хоёрт, хөтөлбөрт тэнцэх хүний тоог нэмсэн, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр болон оюутнуудын “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн нийт шагналын санг өөрчлөлгүй хамрах хүрээг томсгон, хүн тус бүрд оногдох тэтгэлгийн хэмжээг бууруулж, тэтгэлэгт хамрагдах боломжтой хүний тоог ихэсгэсэн тул “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт тэнцэх хүний тоо 30-аас 45 хүртэл ихэссэн, оюутнуудын “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрт тэнцэх хүний тоо 12-оос 20 болсон байгаа. Гуравт, нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөр шинээр нэмэгдэж, ар гэрийн амьдралын түвшин нэн ядуу сурагчдын хятад хэл сурах хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор 20 хүн тэнцэх боломжтой хөтөлбөр бий болсон. Дөрөвт, хөтөлбөрүүдийн бүртгэлд хамрагдах боломжтой цар хүрээг тэлсэн, ивээн тэтгэх хөтөлбөрүүдэд хятад хэлний хичээл ордог улсын их дээд болон ЕБ сургуулиудаас гадна хятад хэл заадаггүй улсын сургуулийн оюутан сурагчид өөрийн сурдаг сургуулиасаа ар гэрийн боломж таарууг нотлох бичиг авч, хувиараа хөтөлбөрт бүртгүүлэн, шалгалтад оролцох боломжтой. Тавд, бүртгэлийг хялбарчлан, бүртгэлийн материалуудын цахим хуулбарыг хүлээн авч бүртгэхээс гадна цахимаар явуулах боломжгүй тохиолдолд Күнзийн институт рүү цаасан хэлбэрээр шуудангаар эсвэл өөрийн биеэр хүргэн өгөх боломжийг бий болгосон. 

       Сангаас дээрх хөтөлбөрүүдийн шалгалтын материалыг Күнзийн институтээр бэлдүүлж, нэгдсэн шалгалтыг зохион байгуулж, хөтөлбөр тус бүрд өөр өөр шалгалт авдаг. Сонгон шалгаруулалтын явц нээлттэй, шударга явагдах бөгөөд сонгон шалгаруулалтын дүнг Монгол Улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлана.

       Сангийн зүгээс Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлтын тусламжтайгаар оюутан сурагчдыг мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалж, хоёр орны соёлын солилцоог сайжруулах, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж хичээн ажиллаж байна.



本网站由阿里云提供云计算及安全服务