Оюутан, сурагчдад тэтгэлэг, тэтгэмж гардуулах ёслол болов

首页    新闻速递    机构新闻    Оюутан, сурагчдад тэтгэлэг, тэтгэмж гардуулах ёслол болов

Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангаас санаачилж, Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн институтийн хамтран зохион байгуулсан 2019 оны хичээлийн жилийн намрын улирлын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрийн тэтгэлэг, тэтгэмж гардуулах ёслолын арга хэмжээ 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Централ Таур”-т боллоо.

Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн гишүүн байгууллагууд, тэтгэлэг, тэтгэмж хүртсэн оюутнууд, бага, дунд сургуулийн сурагчид, тэдний эцэг эх, сургуулиудын удирдлага, багш нарын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцжээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тус арга хэмжээнд үг хэлж, тэтгэлэг, тэтгэмж хүртсэн оюутан, сурагчид, тэдний эцэг эх, сургуулиудад ЭСЯ-ныхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, МУ-ын оюутан, сурагчид хятад хэл, соёлд шамдан сурч, ирээдүйд Хятад, Монголын найрамдал нөхөрлөлийн залгамжлагч, хөгжүүлэгч болохыг хүсэн ерөөлөө. Тэрээр: Хятад, Монгол хоёр хаяа нийлэн оршдог сайн хөрш, сайн түнш, сайн найз юм. Энэ онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, саяхан бид баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ гэжээ.

Тэрээр: Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны харилцааны гол чиглэл байсаар ирсэн юм. Хоёр орны ард иргэд 4710 км хилээр хэлхээ холбоос болгон, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан тусалж дэмжин, хамтдаа хөгжиж, тус тусын орны хөгжил, бүтээн байгуулалт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сайн сайхан орчин бүрүүлсэн билээ. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д түүхэн айлчлал хийж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны шинэ хуудсыг нээсэн юм. Хоёр орны дээд хэмжээний айлчлал олширч, улс төрийн итгэлцэл гүнзгийрэн, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж, "Нэг бүс нэг зам” санаачилга, “Хөгжлийн зам” хөтөлбөрийн уялдаа холбоо тасралтгүй түргэсэн, хоёр орны ард түмэнд үр шимээ өгч байна. Хятад улс Ши Жиньпиний дипломат үзэл санааны удирдлагаар "Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл ойлголтыг үргэлжлэн хэрэгжүүлж, МУ-ын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэн, Хятад улсын хөгжлийн үр шимийг МУ зэрэг эргэн тойрны улс орнуудад улам ихээр хүртээх болно гэжээ.

Хятад, Монголын найрамдлын ирээдүйн хөгжлийн үйлсийг хүүхэд багачуудын үеэс эхлүүлэх ёстой. Уйгагүй шаргуу хүчин чармайлтаараа тэтгэлэг, тэтгэмж хүртсэн МУ-ын оюутан, сурагчдад баяр хүргэе. Энэ тэтгэлэг, тэтгэмж бол Хятадын ЭСЯ, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн сэтгэлийн бэлэг юм. МУ-ын оюутан, сурагчид хятадаар ийм сайн ярьж байгаагаас Хятад, Монголын харилцааны сайн сайхан алс ирээдүй харагдаж байна. Та нар улам шамдаж, ур чадвараа сайжруулахыг хүсэн ерөөхийн ялдамд, Хятад улсад гүнзгийрүүлэн суралцаж, ирээдүйд Хятад, Монголын найрамдал нөхөрлөлийн залгамжлагч, хөгжүүлэгч болж, МУ-ын хөгжил, бүтээн байгуулалт, Хятад, Монголын найрамдал нөхөрлөлийн хөгжилд хувь нэмэр оруулахыг сайшааж байгаагаа Элчин сайд Шин Хаймин онцлон тэмдэглээд, Хятадын ЭСЯ, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд хятад хэл сурч буй МУ-ын оюутан, сурагчдад үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч Дай Шинжюнь 2019 оны хичээлийн жилийн намрын улирлын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтын тухай танилцууллаа. Тэрээр: Энэ удаагийн тэтгэлэг, тэтгэмжийн сонгон шалгаруулалтыг энэ оны 9 дүгээр сарын эхээр зарлаж, 9 дүгээр сарын 22-нд МУИС, Дархан-Уул аймгийн “Цайхун” дунд сургуульд шалгалтын ажлыг амжилттай зохион байгуулж, нийт 268 сурагч янз бүрийн ангилал зэрэглэлийн шалгалтын хэсэгт хуваарилагдан оролцсон. Үүний дүнд, “Мөрөөдлийн од” хөтөлбөрт 26 сурагч, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт 10 сурагч, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрт 2 сурагч тус тус шалгарсан. Монголын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт 16 оюутан шалгарсан. Энэ дүнг 10 дугаар сарын 5-нд сангийн сайт, фэйсбүүк пэйж, news.mn сайт зэрэг сувгаар олон нийтэд мэдэгдсэн юм гэжээ.

Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн гол хөтөлбөр болох дунд, бага сургуулийн сурагчдын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн хавар, намар тогтмол зохион байгуулдаг бөгөөд тус сангийн зүгээс “Тэргүүлэгч од”, “Ирээдүйн эзэд” тэтгэлэгт хөтөлбөрийг МУ-д хятад хэлний хичээл заадаг бүх их, дээд сургуулиудын оюутнуудад зориулж, жилд 1 удаа зохион байгуулдаг юм.

Улам олон оюутан, сурагчийг тэтгэлэгт хамруулах зорилгоор, тус сангийн зүгээс 2018 онд дунд, бага ангийн сурагчдын “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах тоог 45, “Тусгай ивээн тэтгэх хөтөлбөр”-ийн тэтгэлэгт хамрагдах тоог 20 болгон тус тус нэмэгдүүлж, их, дээд сургуулийн оюутнуудын “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тоог 20 болгож нэмсэн юм. Эдүгээ, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан жил бүр 230 оюутанд 537,000 юань буюу 200 гаруй сая төгрөгийн урамшууллын сан байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэ оныг хүртэлх 6 жилийн хугацаанд, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн зүгээс дунд, бага ангийн сурагчдад зориулан, "Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од” тэтгэлэгт хөтөлбөрийг 11 удаа, МУ дахь хятад хэлний хичээл заадаг ерөнхий боловсролын сургуульд суралцдаг сурагчдад зориулан, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрийг 3 удаа, МУ-ын их, дээд сургуулийн оюутан залууст зориулан, “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрийг 6 удаа зохион байгуулж, тэтгэлэгт хөтөлбөрт Улаанбаатар хотын дүүргүүд, Дархан-Уул, Ховд, Эрдэнэт зэрэг аймаг, хотоос давхардсан тоогоор 3599 оюутан, сурагч шалгалтад орж, давхардсан тоогоор 574 оюутан, сурагч тэтгэлэг, тэтгэмжид хамрагдан, нийт 1.88 сая орчим юанийн тэтгэлэг, тэтгэмж хүртжээ.

Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хамтран, 2013 оны 12-р сард Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Санг үүсгэн байгуулсан ба тус сангийн зүгээс цаашид тэтгэлэг, ивээн тэтгэх хөтөлбөрүүдээ боловсронгуй болгож, шалгаруулалтын аргачлалаа сайжруулан, МУ-ын оюутан, сурагчдад боломж олгохын төлөө хичээн ажиллахын зэрэгцээ, Хятад, Монгол хоёр орны аж ахуйн нэгжүүдтэй үргэлжлэн нягт хамтран ажиллаж, МУ-ын оюутан, сурагчдыг хүсэл мөрөөдөлдөө биелүүлэхэд нь чин сэтгэлийн туслалцаа үзүүлж, хоёр орны соёлын харилцаанд хувь нэмрээ оруулан ажиллах болно. /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

 

2019年10月28日 16:25
浏览量:0
公告通知
关注我们

基金会微信公众号